Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал

11-11 төвд ажиллалаа

Шинэчлэлийн Засгийн Газрын 11-11 төвийн Уулзах цагын зочноор Худалдан авахажиллагааны газрын дарга Д.Энхжаргал оролцож иргэдийн сонирхсон асуултанд хариулж, тайлбар өглөө.  

Худалдан авах ажиллагааны газар иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан тендерт аль болох хүндрэл, чирэгдэлгүй оролцох боломжийг олгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нээн ажиллуулж байна. Нэг цэгийн үйлчилгээнээс дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд: Банкны баталгаа гаргуулах, Хуулийн зөвөлгөө авах, тендерийн тодруулга, цахим худалдан авалтын тухай мэдээлэл болон цахим худалдан авалтанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд хувийн нууцлалын код авах боломжтой. 2014 он гарсаар 3400 гаруй иргэд, аж ахуйн нэгжүүд нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн нь 2013 онтой харьцуулахад үйлчлүүлэгчдийн тоо 30 хувиар нэмэгдсэн гэж тэрээр ярилцлагын эхэнд мэдээллээ.        

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал 11-11 төвд ажиллах үеэр

  • Цахим тендер шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулдаг тухай;
  • Үнэлгээний хороон ажилласан гишүүдэд урамшуулал олгодог эсэх;
  • Үнэлгээний хороонд ажиллаж байгаа үнэлгээний хорооны гишүүдийн нэрсийг нийтэд ил тод болгох хэрэгтэй эсэх;
  • Тендер шалгаруулалттай холбоотой мэдээллийг ямар цахим хуудсаас авч болох;
  • Тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсаны ашиг тус;
  • Тендерийн урилга, үр дүнгийн талаархи мэдээлэл хэрхэн ил тод байдлаар олон нийтэд хүрдэг эсэхийг иргэдийн дийлэнх нь тодруулж өгөхийг хүссэн байна.

ХААГ нь 2013 онд өөрийн зохион байгуулсан худалдан авах ажиллагааны 20 орчим хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан ба 2014 оноос эхлэн ХААГ өөрийн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тендерүүдийг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд цахим худалдан авалтын сургалтанд хамрагдах, дурын тендерийн нээлтэд иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой болсон.

ХААГ дээр 7 хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудын 15:00 цагт цахим тендерт хэрхэн оролцох талаар сургалт үнэ төлбөргүй явагдаж байна.

Хуулиар үнэлгээний хороонд ажиллах гишүүнд ЗГХАА мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээтэй байх шаардлага тавигддаг бөгөөд үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа ТББ-ын болон хувийн хэвшлийн, мэргэжлийн холбоодын төлөөлөлд олгох урамшуулалын асуудлыг Сангийн сайдын тушаалаар батлагдсан журмаар зохицуулж байдаг.

Орон нутгийн хувьд үнлэгээний хороонд ажиллаж байгаа иргэд ИТХ-тайгаа гэрээ хийж урамшуулал авах эрхтэй. Харин үнэлгээний хороонд ажиллах гишүүдийн нэрсийг ил тод заралдаггүй ч иргэд мэдчихсэн л байдаг. Гэхдээ энэ нь нууцлаад байх зүйл биш, хамгийн гол нь үнэлгээний хороонд ажиллаж байгаа гишүүд маш хариуцлагатай ажиллах ёстой гэсэн шаардлагыг бид тавьдаг гэж хариуллаа.

Тендер шалгаруулалтын зарыг www.e-procurement.mn,www.e-tender.mn,www.meps.mn зэрэг цахим хуудсууд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөр тутмын сонинд нийтлэж аль болох олон хүмүүст хүргэхийг зорьж ажиллаж байна.

2013 онд цахим хэлбэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхлэхэд аж ахуй нэгжүүд өөрийн тендерийн материалаа цахим системд оруулах, илгээх зэрэг бэрхшээлтэй тулгарч байсан бол энэ жил аж ахуй нэгж компаниуд цахим тендерт оролцож сурч байгааг онцлон тэмдэглэж байна.

Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжүүд болон манай байгууллага хамтраад энэ дэвшлийг хийж байна.Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулснаар аж ахуйн нэгжүүдэд цаг хугацааны болоод эдийн засгийн хувьд хэмнэлт гарч байгаа.

Цаашлаад Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын газар, Шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газруудтай цахим системээр холбогдон нэгдсэн мэдээллийн сантай болсноор аж ахуй нэгж байгууллагууд төрийн байгууллагууд руу тодорхойлолт авах гэж явах шаардлаггүй болж нэгдүгээрт цаг хугацааны хэмнэлт хоёрдугаарт тендерийн материалыг хэвлэх, олшруулах шаардлагагүй болж цаасны хэмнэлт гарч байгаа.

Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтыг Сангийн яамтай хамран ажиллах санамж бичиг байгуулсан сургалт явуулах эрх бүхий 5-6-н Төрийн бус байгууллагууд 3 хоногийн хугацаатай зохион байгуулж, Худалдан авах ажиллагааны газар сургалтанд оролцогчдоос шалгалт авч байна.

Сангийн яам ЗГ-ын худалдан авах ажиллагааны бодлогыг барьж ажилладаг ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа.

Хуулинд урсгал зардлаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааг цахим дэлгүүрээр дамжуулан хийх заалт байгаа, энэ жил бид Сангийн Яамтай хамтран цахим дэлгүүр, цахим худалдан авалт дээр түлхүү ажиллаж байна.