Сар бүрийн сүүлийн долоо хоногт болдог “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал өнөөдөр болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нар оролцлоо.

Энэ онд зохион байгуулах худалдан авах ажиллагааны 80, орон нутгийн зохион байгуулах худалдан авах ажиллагааны 10-аас доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна. “Цахим дэлгүүр” ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний ээлжинд бичиг хэргийн гол нэрийн бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.

“Худалдан авах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай байна. 2014 онд Худалдан авах ажиллагааны газар нийт 142 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхээс 26 хувь буюу  дөнгөж 37 тендер зарлагдаад байна. Энэ ажил удаашралтай байна” гэж Ч.Сайнбилэг хэлээд “Ажил удаашруулж буй хүмүүст хариуцлага тооцно. 4 дүгээр сарын 1-ээс хойш ямар ч тендер зарлагдахгүй байхаар ажлаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй” гэж анхаарууллаа.

Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс