Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) болон "Нэгдсэн үндэсний байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комисс санаачлага" төсөл 2013 оны 12-р сарын 5-7-ны өдрүүдэд цахим тендерийн шинэчлэлийн уулзалт, семинарыг Лондон хотноо зохион байгууллаа.

Уг семинарт Монгол, Морокко, Тунис, Гүрж, Португал, Турк зэрэг улсын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд болон Дэлхийн Худалдааны байгууллага, Их Британи улсын хуулийн байгууллагууд бүхий 40 гаруй төлөөлөгчид оролцож, өөрийн орны туршлагаа солилцлоо. Монгол улсыг төлөөлж Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Худалдан авах ажиллагааны газрын удирдлагууд оролцсон.

Тус семинарын үеэр ЕСБХБ болон Дэлхийн худалдааны байгууллагын мэргэжилтэнүүд цахим худалдан авалт, цахим дэлгүүр, ерөнхий гэрээний чиглэлээр хийсэн олон улсын судалгааг танилцуулж хэлэлцэж, цахим худалдан авалтын техникийн шийдэл, хууль эрхзүйн оновчтой, үр ашигтай тогтолцоог бий болгох олон улсын болон дотоодын зарчмыг уялдуулан хэрэгжүүлэх, цахим системийг сайжруулах аргачилал, түүнийг хэрэгжүүлэх, зах зээлийн орчинг сайжруулах асуудлаар санал солилцсон.

Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, цаг хугацаа хэмнэх зорилгоор ерөнхий гэрээг хэрхэн амжилттай зохион байгуулах, хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж, хөгжиж буй орнуудын цахим худалдан авах ажиллагаатай холбоотой өргөн хүрээний асуудлаар хэлэлцлээ. Бусад орны ерөнхий гэрээ байгуулах, бараа бүтээгдэхүүнийг ангилах, төрөлжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, өрсөлдөөнийг дэмжих бодлого, тогтолцоог судлан Монгол улсын онцлогт тохируулан ерөнхий гэрээг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой асуудлаар ярилцаж, санал солилцсон.

Гүрж улсын Өрсөлдөөн, Төрийн худалдан авах үйл ажиллагаа зохицуулах газрын дарга Тато Уржумелашвили өөрийн орны уламжлалт буюу цаасан худалдан авах ажиллагааны системийг одоогийн хэрэглэж буй цахим худалдан авах ажиллагааны системтэй харьцуулан илтгэл тавилаа. Гүрж улс нь дэлхийн авлигад өртсөн орнуудын жагсаалтад дээгүүр тооцогддог ба тендерийг цахим системд бүрэн шилжүүлснээр авлига маш их буурсан тухай туршлагаасаа хуваалцсан.

Гүрж улсад 2010 онд цахим системийг нэвтрүүлэх ажил эхэлж, наймдугаар сард цахим тендерийн хуулийг батлан, аравдугаар сард анхны цахим тендерийг зарлаж, анхны туршилтаа хийж байжээ. 2010 оны арванхоёрдугаар сард цаасан тендерийн үйл ажиллагааг бүрэн халж, 2013 оны 11-р сард 89,000 тендерт оролцогчид цахим хэлбэрээр тендерт оролцож байжээ. Португал улсын ЕСБХБ дахь “НҮБ-ийн Олон улсын худалдааны эрх зүйн комисс”-санаачлагын олон улсын мэргэжилтэн Пауло Магина цахим хэлбэрээр тендер шалгаруулалт зохион байгуулахын ач холбогдол, түүний хүрээлэн буй орчны талаар ярилаа. Тэрбээр Португал улсын хуулийн зорилго, хууль эрх зүйн орчны тухай нарийн мэдээлэл хийж, цахим худалдан авах ажиллаагаг сайжруулах, хөгжүүлэх талаар ярилаа.

Мөн ЕСБХБ-ны Нарийн бичгийн дарга Самира Мусаюва НҮБ-ийн Олон улсын худалдааны хуулийн комисс (ОУХХК) 1994 оноос хойш электрон худалдан авах ажиллагааны хууль эрхзүйг хэрхэн сайжруулахаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн талаар мэдээлэл хийлээ.

Семинарын төгсгөлд ЕСБХБ-ны ахлах зөвлөх Эрик Гүэтсчофф Монгол улсад төрийн худалдан авах ажиллагаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчийг төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах, дэмжих тал дээр анхаарч, ЕСБХБ-ны Хууль эрх зүйн шинжилтийн хөтөлбөрөөс Монгол улсын Засгийн газартай хамтран худалдан авах ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдгээ онцоллоо.

http://www.ppi-ebrd-uncitral.com/index.php/en/workshop-on-eprocurement-reform-in-london