Шинэчлэлийн Засгийн газар "Монголдоо бүтээцгээе" уриан доор бүтээн байгуулах, үйлдвэржилтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлж, айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх, ажлын байр нэмэгдүүлэх, аймаг сумын төвийг хөгжүүлэх зэрэг олон төлөвлөгөө Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулаад, “Монголчууд бид 2014 онд 3 сая дахь иргэнээ хүлээж байна. Олуулаа болох сайхан жил гарлаа” гэж хэллээ.

2013 он монголчуудыг, монголын төрийг, Засгийн газрыг сорьж шалгасан жил болсон. Дэлхийн эдийн засаг уналтад орсон, Хятадын эдийн засгийн өсөлт буурч, хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт саарсан. Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан жил байлаа.Гэсэн ч ард түмнийхээ дэмжлэг, оролцоо, санаачилгатайгаар зарим зүйлүүдийг бүтээж чадсан гэж Ерөнхий сайд хэлээд дараах ажлуудыг нэрлэлээ.

Чингис бонд босгож, бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай эхлүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монгол банктай хамтарч явуулсан.Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ гэлээ.

8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт 17 мянга гаруй иргэн хамрагджээ. 51 мянган ажлын байр шинээр бий болсон. 20 мянган иргэн орон сууцтай болсон, барилгын салбар 2 дахин өссөн, эдийн засгийн өсөлт 12 хувьд хүрсэн, мал сүргийн тоо 45 саяд хүрсэн, 4 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож, 1800 км зам шинээр барилаа.

Эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна.  45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг. Тиймээс Монголдоо бүтээх, үйлдвэрлэх цаг, шаардлага бий болжээ. Энэ зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ. Тиймээс 2014 он Монголдоо бүтээцгээе гэсэн уриатай жил байх болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө санхүү хэрэгтэй. Нэг их наяд төгрөгөөр үйлдвэрлэлээ дэмжинэ. 270 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан. 360 тэрбум төгрөг Чингис бондоос хуваарилагдаагүй үлдсэн байгаа. Энэ хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулна. Мөн Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөсөн.

2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлнэ. Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна.